23 Sep 2012

Америк дахь Монголчуудын амьдрал, Монгол коммунитийн хөгжлийн багаахан хэсгээс өгүүлэхүй

Америкийн Монголчууд хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээ зохиосоор, Вашингтон Ди Си, Дэнвэр, Чикаго, Сан Франциско хотуудад ээлж дараалан, заримд нь бүр давтан болсоор, энэ жил алдарт Лас Вегас хотноо буухиалах гэж байна. Америкийн булан бүрээс тэр байтугай бүр элгэн нутаг Монголоос, будант Альбионоос, алдарт Бонноос ирж цуглах энэ тэмцээнд нутаг нэгтнүүд маань тасралтгүй тэгээд долоон удаа тэмцэлдсэн гэхээр тамирчин, баг, хөлбөмбөгийнхний гэр бүлийнхэн, үзэгч хөгжөөн дэмжигч, санхүүгийн болон үйл ажиллагаагаар ивээн тэтгэгч гээд маш олон хүний хөдөлмөр, цаг хугацаа шингэсэн үйл ажиллагаа болох нь мэдрэгдэнэ.

Америкийн хөлбөмбөгчид гэхээр ер нь жилдээ нэг удаа болдог тэмцээнээр зогсохгүй нутаг нэгтнүүд олноор суурьшдаг хот муж тус бүрээр байнгын үйл ажиллагаатай лиг маягийн зохион байгуулалтад орж ширэн бөмбөгөө тогтмол элдэж байдаг юм. Тэд хэдийнээс хэрхэн хөлбөмбөгтэй нөхөрлөсөн, хэрхэн нийлж нэгдэж ямар тэмцээн уралдаан болсон талаар Америкийн Монголчууд сонин, Даяар Монгол, Замдаан, Мэдээлэл, Орлоо гэх мэт Америкийн монголчуудын мэдээллийн хэрэгслүүдээр түүх болон бичигдэж үлдсэн байдаг бөлгөө.

Цаг хугацаа, он жил гялалзан одох цагийн эргэлтэд бөмбөгөө ч хөөж, ажил амьдралаа ч амжуулах зуураа үзэг барьж үг холбон, өндийн дээшилж, боловсрон хөгжиж явдаг, өмнө дурдсан сайтууд дахь нийтлэл, бичлэгийн эздийн хамтаар хуучран шарлаж амжаагүй байгаа шинэхэн түүхийг нэгтгэн нэгэн ном болгохоор зорив.

Нью Йоркийн Бэст Бай дэлгүүрийн алдарт цогцолбор болон мөн хотод сүндэрлэн асан Дэлхийн худалдааны төвийн дизайныг зохиосон, миний унших дуртай авторуудын нэг Эдвин Шлосбэрг нэгэнтээ “Бичлэгийн чадвар гэдэг нь бусад хүмүүс үргэлжлүүлэн бодох агуулга бий болгоход чиглэдэг” хэмээн хэлсэн байдаг. Ийм чадвар, боломж бидэнд яг одоо, өнөөдөр хэчнээн их хэрэгтэй байгаа билээ. Ялангуяа түр, бүр, учраа хараахан олоогүй янз бүрийн байдлаар эх орноосоо алс хол “ширэн бөмбөг” хөөж буй бидний монголчуудад ихэд чухал юм. Зөвхөн хөлбөмбөг гэлтгүй Монголын олон хүмүүний амьдрал, Америкийн Монголчуудын үүх түүх, дурсгал дурсамжийн чухал хэсэг үргэлжилсээр түүний өчүүхэн хэсгийг бид энд тэмдэглэн үлдээхийг зорилоо.

Хаа очиж санаснаа амжуулахад хачин их аз таарч спортын амьдрал болон уран бүтээлийн туршлагатай хоёр анд таарлаа. Хөлбөмбөгийн спортын мастер Ц.Энхтүвшин, хар нялхаасаа ширэн бөмбөгийн хойноос гүйж өссөн М.Саруул-Эрдэнэ гэхээр үнэндээ намайгаа дагуулахгүй спортын хүмүүс. Дээр нь тэд маань намайг хэд нугалсан бичгийн улс. Сэтгүүл зүйн салбарт Монголдоо урдаа барьдаг МУИС-г сэтгүүлч мэргэжлээр төгсөж, спортын Таван Цагариг сонинд сурвалжлагч, эрхлэгчээр ажилласан, УБИС-г хэл шинжлэлээр төгсөж, эрдэмтэн доктор цолыг нь омог бардам өвөртөлж оломгүй эрдмийн далайд багш хэмээн алдаршсан улсын тухай өгүүлж буйг ойлгож буй биз ээ. Мөн манай хоёр хоёул Ган үзэгтэн шагналтай, хэд хэдэн номын зохиогч хүмүүс бөлгөө.

Би бээр бичгийн хүн бус, дээр нь спортын ялангуяа хөлбөмбөгийн талаар чадвар маруухан энгийн нэгэн дэмжигч, алаг бөмбөг хөөсөн ч өшиглөөд араас нь гүйдэггүй эгэл жирийн залхуу хүн. Мэдээ орох үеэс ном, дэвтэр, үзэгнээс салалгүй өссөн ч өгүүлбэр холбох ид шидээс хол явжээ. Гэхдээ Монголын үндэсний сонин Ардын Эрх (тухайн үеийн ойлголт тодорхойлолтоор бол төрийн төв хэвлэл), Өнөөдөр (Монголын хамгийн анхны чөлөөт өдөр тутсын сонин) болон дагалдах сонин сэтгүүлүүдийн тогоонд нэрт сэтгүүлчид, зохиолчид, яруу найрагчидтай ажиллах хувь тохиож, алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр уран үгийн эрдэмийг бишрэх, оролдох хүсэлтэй болж бөөрнөөсөө ягаарчээ. Хар багаасаа тооны хичээлдээ шамдаж улмаар дурлан сонирхож эзэмшсэн, хоолоо олж иддэг мэргэжил минь мэдээллийн технологи. Оюутан байх үеийн мөрөөдөл болсон мэргэжлийнхээ хамгийн өндөр зах зээлд хүрэхдээ багагүй мэдлэг туршлага хуримтлуулж, чамгүй ажил амжуулж гэх мэтээр мэргэжлээрээ багагүй бардам нэгэн. Үүндээ дулдуйдаад үзсэн харсан, сурсанаараа ном бүтээх мөрөөдөлд автаад буй хүн. Оросууд “Юугаараа баян түүгээрээ дайлна” гэдэг дээ, яг түүн шиг би бээр мэдээллийн технологиор ганц хоёр өгүүлбэр холбохыг хичээдэг, блог бичдэг болжээ. Бас бизнесийн чиглэлээр эрдэм ном жаал хөөснийх энтэрпрэнуршип сэтгэлгээг дэмжиж хөгжүүлнэ гээд буйнх энэ талаараа бас ялимгүй блогдоно. Гэтэл анхны ном, анхны бүтээл минь анд нөхдийнхөө хамтаар Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн тухай бичсэн болчихлоо. Юун мэдээллийн технологи, юун програмчлал, юун бизнес, юун вэнчур … “хөлбөмбөг” үнэхээр хүчтэй юм аа.

“Алтан Олимпийн мөнгөн дурсамж буюу Америкт тэрлэсэн мөрүүд” номдоо Түвшээ маань мутраа хайрлаад маньд дурсгах 2008 онд анх удаа Америкийн Монголчуудын амьдралын түүхээс ном болж хойч үедээ хадгалагдан үлдэх хэрэгтэй, бидний түүхийн нэг хэсэг энэ номд бий юм хэмээн бодож билээ.

“Манайхан Америкт” номоо хэвлүүлэх гээд Саруул имэйл бичиж байх 2009 онд бодол мөрөөдөл минь итгэл үнэмшил болж билээ. Эдүгээ ингээд хоёр найзтайгаа хамтарч, гар нийлж ийн Америкийн Монголчуудын амьдралын хэсгээс бүр тодруулбал хөлбөмбөгийнхний сэтгэл зүтгэл, хөдөлмөр амжилтыг өгүүлэн сэтгүүлч Л.Болормаагийн өгүүлсэнчлэн “дэлхийн хэмжээнд сэтгэж, бусдын энд хүрчих бас нэгэн алхам” хийж буйг минь хүлээн авна уу?

Rate this item
(0 votes)
Last modified on Thursday, 27 September 2012 02:19

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Hello... We Are The Mongolian Soccer Association of America

Real soccer players & supporters from Mongolian communities in the USA

Not Enough. Want to stay informed? Follow us now...