Toolbar
MSAA
Coordinator

Coordinator

Аварга байтугай шилдэг тамирчины MVP ойрхон байгаа юм биш үү...

Америкийн шигшээтэй үзэлцэх бөмбөгийг хийлж суувал ч ...

Спортын мастерийн бодол "Манай баг энэ жил овоо явна шүү, ер нь..."

Лас Вегас - 2012 тэмцээний сугалаа татах мөч...

Уламжлалт Сэнт Лоуис Нөхөрлөл 2012 тэмцээн амжилттай болж өнгөрлөө...

Америкийн монголчууд спортын олон төрлөөр аваргаа шалгаруулдаг уламжлалтай болжээ. Америк даяар оршин суугч Монголчуудын хүрээнд энэ удаад мини-хөлбөмбөгийн тэмцээн шинээр бүл нэмжээ.

2011 оны арваннэгдүгээр сарын 26-ны өглөөний 10 цагт Миззури муж улсын Сэнт Луис хотноо орших University City Recreation Complex хэмээх зааланд “Америкийн Монголчуудын Мини-Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг албан ёсоор зохион байгуулж спортод элэгтэй, хөлбөмбөгт дуртай эрхэм бүхнийг өргөнөөр оролцохыг урисанаар Чикаго, Дэнвэр болон Миззурийн багууд цугларчээ.

Тэмцээн мини-хөлбөмбөгийн олон улсын дүрмийг мөрджээ. Үүнд, талбайд нэг хаалгач, таван тоглогч, нийт зургаан хүнтэй баг гарах бөгөөд багийн нийт тоглогчдын тоо арван хоёроос хэтрэхгүй байна. Мини-хөлбөмбөгт отон тоглолт тооцдоггүй, мөр, биеэр түлхэлцдэггүй, хөлд суудаггүй гэх мэт том талбайн хөлбөмбөгөөс ялгарах дүрмүүд бий.

Багууд 200 долларын хураамж төлж, мэдүүлгээ өгснөөр тэмцээнд оролцох эрхтэй болж, хураамжийн мөнгө тэмцээний шагнал, урамшуулалд зарцуулагдав. Түрүүлсэн баг мөнгөн шагналаас гадна мөн шилжин явах цом хүртжээ. Заал, хөгжим, шүүгчийн зардлыг Миззури мужийн бизнес эрхлэгч Монголчууд спонсорложээ. 

Тэмцээн болсон заалны хаяг: "University City Recreation Complex" 7210 Missouri 340, University City, Missouri 63130

Америк дахь Монголчуудын амьдрал, Монгол коммунитийн хөгжлийн багаахан хэсгээс өгүүлэхүй

Америкийн Монголчууд хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээ зохиосоор, Вашингтон Ди Си, Дэнвэр, Чикаго, Сан Франциско хотуудад ээлж дараалан, заримд нь бүр давтан болсоор, энэ жил алдарт Лас Вегас хотноо буухиалах гэж байна. Америкийн булан бүрээс тэр байтугай бүр элгэн нутаг Монголоос, будант Альбионоос, алдарт Бонноос ирж цуглах энэ тэмцээнд нутаг нэгтнүүд маань тасралтгүй тэгээд долоон удаа тэмцэлдсэн гэхээр тамирчин, баг, хөлбөмбөгийнхний гэр бүлийнхэн, үзэгч хөгжөөн дэмжигч, санхүүгийн болон үйл ажиллагаагаар ивээн тэтгэгч гээд маш олон хүний хөдөлмөр, цаг хугацаа шингэсэн үйл ажиллагаа болох нь мэдрэгдэнэ.

Америкийн хөлбөмбөгчид гэхээр ер нь жилдээ нэг удаа болдог тэмцээнээр зогсохгүй нутаг нэгтнүүд олноор суурьшдаг хот муж тус бүрээр байнгын үйл ажиллагаатай лиг маягийн зохион байгуулалтад орж ширэн бөмбөгөө тогтмол элдэж байдаг юм. Тэд хэдийнээс хэрхэн хөлбөмбөгтэй нөхөрлөсөн, хэрхэн нийлж нэгдэж ямар тэмцээн уралдаан болсон талаар Америкийн Монголчууд сонин, Даяар Монгол, Замдаан, Мэдээлэл, Орлоо гэх мэт Америкийн монголчуудын мэдээллийн хэрэгслүүдээр түүх болон бичигдэж үлдсэн байдаг бөлгөө.

Цаг хугацаа, он жил гялалзан одох цагийн эргэлтэд бөмбөгөө ч хөөж, ажил амьдралаа ч амжуулах зуураа үзэг барьж үг холбон, өндийн дээшилж, боловсрон хөгжиж явдаг, өмнө дурдсан сайтууд дахь нийтлэл, бичлэгийн эздийн хамтаар хуучран шарлаж амжаагүй байгаа шинэхэн түүхийг нэгтгэн нэгэн ном болгохоор зорив.

Нью Йоркийн Бэст Бай дэлгүүрийн алдарт цогцолбор болон мөн хотод сүндэрлэн асан Дэлхийн худалдааны төвийн дизайныг зохиосон, миний унших дуртай авторуудын нэг Эдвин Шлосбэрг нэгэнтээ “Бичлэгийн чадвар гэдэг нь бусад хүмүүс үргэлжлүүлэн бодох агуулга бий болгоход чиглэдэг” хэмээн хэлсэн байдаг. Ийм чадвар, боломж бидэнд яг одоо, өнөөдөр хэчнээн их хэрэгтэй байгаа билээ. Ялангуяа түр, бүр, учраа хараахан олоогүй янз бүрийн байдлаар эх орноосоо алс хол “ширэн бөмбөг” хөөж буй бидний монголчуудад ихэд чухал юм. Зөвхөн хөлбөмбөг гэлтгүй Монголын олон хүмүүний амьдрал, Америкийн Монголчуудын үүх түүх, дурсгал дурсамжийн чухал хэсэг үргэлжилсээр түүний өчүүхэн хэсгийг бид энд тэмдэглэн үлдээхийг зорилоо.

Хаа очиж санаснаа амжуулахад хачин их аз таарч спортын амьдрал болон уран бүтээлийн туршлагатай хоёр анд таарлаа. Хөлбөмбөгийн спортын мастер Ц.Энхтүвшин, хар нялхаасаа ширэн бөмбөгийн хойноос гүйж өссөн М.Саруул-Эрдэнэ гэхээр үнэндээ намайгаа дагуулахгүй спортын хүмүүс. Дээр нь тэд маань намайг хэд нугалсан бичгийн улс. Сэтгүүл зүйн салбарт Монголдоо урдаа барьдаг МУИС-г сэтгүүлч мэргэжлээр төгсөж, спортын Таван Цагариг сонинд сурвалжлагч, эрхлэгчээр ажилласан, УБИС-г хэл шинжлэлээр төгсөж, эрдэмтэн доктор цолыг нь омог бардам өвөртөлж оломгүй эрдмийн далайд багш хэмээн алдаршсан улсын тухай өгүүлж буйг ойлгож буй биз ээ. Мөн манай хоёр хоёул Ган үзэгтэн шагналтай, хэд хэдэн номын зохиогч хүмүүс бөлгөө.

Би бээр бичгийн хүн бус, дээр нь спортын ялангуяа хөлбөмбөгийн талаар чадвар маруухан энгийн нэгэн дэмжигч, алаг бөмбөг хөөсөн ч өшиглөөд араас нь гүйдэггүй эгэл жирийн залхуу хүн. Мэдээ орох үеэс ном, дэвтэр, үзэгнээс салалгүй өссөн ч өгүүлбэр холбох ид шидээс хол явжээ. Гэхдээ Монголын үндэсний сонин Ардын Эрх (тухайн үеийн ойлголт тодорхойлолтоор бол төрийн төв хэвлэл), Өнөөдөр (Монголын хамгийн анхны чөлөөт өдөр тутсын сонин) болон дагалдах сонин сэтгүүлүүдийн тогоонд нэрт сэтгүүлчид, зохиолчид, яруу найрагчидтай ажиллах хувь тохиож, алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр уран үгийн эрдэмийг бишрэх, оролдох хүсэлтэй болж бөөрнөөсөө ягаарчээ. Хар багаасаа тооны хичээлдээ шамдаж улмаар дурлан сонирхож эзэмшсэн, хоолоо олж иддэг мэргэжил минь мэдээллийн технологи. Оюутан байх үеийн мөрөөдөл болсон мэргэжлийнхээ хамгийн өндөр зах зээлд хүрэхдээ багагүй мэдлэг туршлага хуримтлуулж, чамгүй ажил амжуулж гэх мэтээр мэргэжлээрээ багагүй бардам нэгэн. Үүндээ дулдуйдаад үзсэн харсан, сурсанаараа ном бүтээх мөрөөдөлд автаад буй хүн. Оросууд “Юугаараа баян түүгээрээ дайлна” гэдэг дээ, яг түүн шиг би бээр мэдээллийн технологиор ганц хоёр өгүүлбэр холбохыг хичээдэг, блог бичдэг болжээ. Бас бизнесийн чиглэлээр эрдэм ном жаал хөөснийх энтэрпрэнуршип сэтгэлгээг дэмжиж хөгжүүлнэ гээд буйнх энэ талаараа бас ялимгүй блогдоно. Гэтэл анхны ном, анхны бүтээл минь анд нөхдийнхөө хамтаар Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн тухай бичсэн болчихлоо. Юун мэдээллийн технологи, юун програмчлал, юун бизнес, юун вэнчур … “хөлбөмбөг” үнэхээр хүчтэй юм аа.

“Алтан Олимпийн мөнгөн дурсамж буюу Америкт тэрлэсэн мөрүүд” номдоо Түвшээ маань мутраа хайрлаад маньд дурсгах 2008 онд анх удаа Америкийн Монголчуудын амьдралын түүхээс ном болж хойч үедээ хадгалагдан үлдэх хэрэгтэй, бидний түүхийн нэг хэсэг энэ номд бий юм хэмээн бодож билээ.

“Манайхан Америкт” номоо хэвлүүлэх гээд Саруул имэйл бичиж байх 2009 онд бодол мөрөөдөл минь итгэл үнэмшил болж билээ. Эдүгээ ингээд хоёр найзтайгаа хамтарч, гар нийлж ийн Америкийн Монголчуудын амьдралын хэсгээс бүр тодруулбал хөлбөмбөгийнхний сэтгэл зүтгэл, хөдөлмөр амжилтыг өгүүлэн сэтгүүлч Л.Болормаагийн өгүүлсэнчлэн “дэлхийн хэмжээнд сэтгэж, бусдын энд хүрчих бас нэгэн алхам” хийж буйг минь хүлээн авна уу?

Вашингтон, Ди Си (Орлоо.ком). Америкт байгаа Монголчууд хоорондоо тэмцээн уралдаан зохиож заншсан хүмүүс. Энэ удаагийн Чикагод болсон аваргын төлөөх тэмцээнд нийт 6 баг өөр өөр мужаас ирж тоглосон бөгөөд Вашингтоны Монгол Морьд, Денверийн Алтан Бөмбөг, Чикагогийн Аргамаг болон Англо багууд, Сиаттлын Farmers, Индианнагийн буюу холимог баг болох Мон Юнайтэд гэсэн багууд оролцохоор өнгө хувцасаа жигдрүүлэн иржээ. Аргамаг, Монгол Морьд болон Farmers багууд  1 зонед, үлдсэн 3 бас нэг зоне болон тоглож Монгол Морьд 1-ээр, Аргамаг 2-оор гарч ирсэн бол нөгөө талаас Алтан бөмбөг 1-ээр, Мон Юнайтэд 2-оор гарсан байна.

Сонирхуулж хэлэхэд Индианнагийн багт Англиас ирж оролцож байгаа Монголын шигшээ багийн 1 номерын довтлогч Буман-Учрал байсан нь хөл бөмбөгийнхэний хорхойтонууд маань тоглолтуудыг үзэхэд бүр ч сонирхолтой байсан бизээ. Ингээд хүрлийн төлөө Аргамаг, Мон Юнайтэд 2 өрсөлдөн Аргамаг хожлыг авсан байна. Аваргын төлөө буюу алтан медалын төлөө Денвер, Ди Сигийн багууд эгээ л нэг нэгнийхээ мэхийг анддаггүй сайн мэддэг бөхчүүд шиг золголоо. Үндсэн цаг дуустал хэн нь ч оноо хийж чадсангүй.

Уг 2 баг сүүлийн 4 жил дараалан дандаа хайнцаж ирсэн ажээ. Ингээд цаг сунгаж тоглон сүүлийн 10 минутанд хожлын алтан бөмбөгийг Эрдэнэмөнх 10 номерын тамирчин маань толгойгоороо хийж Монгол Морьд баг маань аваргын цомоо авлаа. Мөн Монгол Морьдын Адъяа шилдэг довтлогчоор шалгаран бас нэгэн амжилт үзүүлэв.  

Хамгийн их гооль оруулсан тамирчинаар Денверийн багийн Өлзий шалгарсан байна. Аваргын төлөөх тоглолт үнэхээр сэтгэл догдолуулсан мөч байсан гэж тэмцээн дээр байсан бүх хүмүүс ярилцаж байлаа. Хожлын алтан гоолийг хийх яг тэр мөчид хүмүүс маш ихээр догдлон хөөрч олон хүний нүдэнд нулимс хурсан баярт үйл явдал болжээ. Ийнхүү олон хүнийг баярлуулан сайхан тоглолт хийж алтан медаль хүртсэн Эрдэнэбат ахлагчтай Монгол Морьд багийнхан нийт 18 тамирчдад бүгдэд нь гал халуун баярыг Орлоогийнхоо бүх уншигчдын өмнөөс хүргэе.

АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХӨЛБӨМБӨГИЙН АНХДУГААР ТЭМЦЭЭНЭЭС ХИЙСЭН СУРВАЛЖЛАГА

Сан Франсиско, Калифорния (zamdaan). Денвер хотноо суугаа Монголчуудын “Алтанбөмбөг” клубээс санаачлан зохион байгуулсан Америк дахь  Монголчуудын хөлбөмбөгийн анхдугаар тэмцээн 5 сарын 27, 28-ны өдрүүдэд Денвер хотын Village Greens Park талбайд болж өнгөрлөө. Энэ тэмцээнд Washington,DC-ийн “Монгол морьд”, Chicago-гийн “Аргамаг”, Denver-ийн “Алтанбөмбөг”, “Denver-2” багууд өрсөлдөж "Алтан бөмбөг" баг түрүүлэн аваргын цомыг хүртсэн юм.

Денвер хотын Монголчууд "Алтан бөмбөг" нэртэй хөлбөмбөгийн клуб байгуулж амралт чөлөөт цагаараа уулзалт тоглолт хийдэг болсон төдийгүй Денверийн Монголчуудынхаа дунд аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион явуулжээ. Ингээд тус хотод ажиллаж амьдарч байгаа Монгол улсын xөлбөмбөгийн спортын мастер цолтой 4 залуу санаачлан Америкт суугаа нийт Монголчуудын хөлбөмбөгийн анхдугаар тэмцээн зохиохоор төлөвлөн Монголчууд төвлөрөн суугаа хотууд руу урилга илгээсэн байна. Хамгийн түрүүнд Вашингтон DC хотоос хариу иржээ. Арга ч үгүй биз. Ноднин Вашингтон хотноо болсон "Ambassador's Cup" тэмцээнд маш амжилттай тоглож 16 багаас шалгаран 2-р эзэлсэн "Монгол морьд" багийнхан Денверийн тэмцээнд түрүүлэх зорилготой ирэх нь тодорхой байлаа. Чикаго хотоос "Аргамаг" нэртэй баг оролцохоор болов. Утасны карт гаргадаг компанийн нэр авах болсон учир нь тус багийн гол тоглогчдын нэг П.Амгаабаатар "Аргамаг" компанийг үүсгэн байгуулагч тул өөрийн тоглодог багаа ивээн тэтгэж энэ тэмцээнд оролцуулахаар болсонд байв. Сан Франциско, Оакланд хотуудаас энэ удаа баг бүрэлдэн очиж чадсангүй. "Таван Цагариг" сонины тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин сониноо төлөөлөн, энэхүү тэмдэглэлийг бичигч миний бие сэтгүүлээ төлөөлөн шилдэг тоглогчид олгох тусгай шагнал цом бэлтгэн очиж Денверийн тэмцээнийг үзэж сонирхоод ирлээ.

 

Тэмцээний нээлт

Нээлтийг төрийн туг далбаагаа залах ёслолоор эхлэв. Монгол улсын сүлд дууллын аянд "Алтан бөмбөг" багийн ахлагч спортын мастер Алтан Илд, "Монгол морьд" багийн ахлагч спортын мастер С.Эрдэнэбат, "Аргамаг" багийн ахлагч П.Амгаабаатар, "Денвер-2" багийн ахлагч Баяраа нар соёмбот тугаа өргөн мандуулав. Тэмцээний ерөнхий шүүгч, Колорадогийн Монголчуудын Холбооны тэргүүлэгч Төмөрөө тэмцээнийг нээж багуудын оноолтыг танилцуулсны дараа спортын гавъяат мастер, Монгол улсын гарьд П.Сүхбат, дугуйн спортын олон улсын хэмжээний мастер Ц.Ганболд нар баяр хүргэн үг хэллээ. Гарьд Сүхбат өөрөө "Денвер-2" багийн хаалагчын албыг хашиж энэ тэмцээнд оролцохоор ирсэн байв. Эхний өдөр 4 баг оноолтын дагуу тойргоор тоглож "Алтан бөмбөг", "Монгол морьд" багууд учраа багуудаа хожин аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Чикаго хотын "Аргамаг" баг "Денвер-2" багууд хүрэл медалийн төлөө шийдвэрлэх тоглолт хийх нь тодорхой болов. Тоглолтыг талбайд  Солонгос шүүгч, хажууд Мексик шүүгчдийн баг шүүн явуулсан бөгөөд ноцтой алдаа гаргасангүй.

 

Жонглёрын тэмцээн

Тэмцээний завсарлагаар тамирчдын ур чадвар шалгах жонглёрын тэмцээнийг цагтаа Монгол улсын рекордыг тогтоож явсан спортын мастер Ц.Энхтөр удирдан явуулав. 1995 онд 2 удаагийн  оролдолтын нийлбэр дүнгээр 3200 удаа хийсэн түүний рекордыг давсан амжилт  өнөөг хүртэл гараагүй болов уу учир нь Монголд энэ төрлийн уралдаан зохиогдохоо болиод удаж буй ажээ. Салхи ихтэй өдөр байсан тул 4 багийн тамирчид дундаас  "Монгол морьд" багийн хамгаалагч Ц.Эрдэнэмөнх шалгарсан юм. Тэрээр 172 удаа авалт хийж түрүүллээ.

 

Багууд, тоглогчдын онцлог

"Монгол морьд" багийн бүрэлдхүүнд Монголын хөлбөмбөгийн лигийн тэмцээнд тоглож байсан хашир туршлатай тамирчин спортын мастер С.Эрдэнэбат, зэрэгтэй тамирчид Ц.Эрдэнэмөнх, Д.Өсөхбаяр, Х.Амарсанаа, Т.Ганбат нараас гадна волейболын спортын мастер Н.Чулуундаваа, чөлөөт бөхийн ОУХМ Д.Баясгалан нар байв. Мөн Индианагийн их сургуулийн аспирант багш М.Саруул Эрдэнэ энэ багт довтлогчоор тоглодог. Тэрээр дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан "Даяар Монгол" сонины тусгай дугаарыг эрхлэн гаргаж иржээ. Сонирхолтой сайхан мэдээлэл бүхий тус сониныг олж уншаарай. Чикаго хотын "Аргамаг" багийн бүрэлдхүүнд уран гоё тоглолттой өсөх ирээдүйтэй авъяаслаг залуучууд олон байсан бөгөөд тухайлбал довтлогч Д.Отгонбаатар, хагас хамгаалагч О.Жавхлан, Ж.Өлзийбаяр, Salt Lake хотын их сургуулийн хөлбөмбөгийн багаас түр хугацаагаар (зээлсэн) Д.Төгөлдөр нарыг дурдаж болно. Багын ахлагч Амгаабаатар, Л.Лхагвасүрэн нар цагтаа дүүргийн шигшээ багт алаг бөмбөг өшиглөж явсан туршлагатай тоглогчид байв. Денвер-2" багийнхан гавъяат тамирчин, улсын гарьд П.Сүхбатаар хаалгаа мануулсан нь тохиолдлынх байсангүй. Тэрээр цагтаа Налайх дүүргийн хүүхдийн багт хаалгач хийж байснаа нотлон харуулж олон ч довтолгоог тасдан зогсоож орох бөмбөгийг тогтоож байв. Мөн энэ багт тоглосон Ууганаа гэдэг залууг маш сайн тоглогч болно гэдэгт эргэлзэхгүй байна. Тэд бас хөлбөмбөгийн спортын мастер хамгаалагч Батааг (гаднаас залж) багтаа элсүүлэн хашир хоёр бурхиар хаалга үүдээ мануулан (дайсны) довтолгоог няцааж байлаа. Денверийн Монголчуудын шигшээ баг буюу аварга болсон "Алтан бөмбөг" баг аргагүй л нэг чансаа зааж байв. Энэ багт хөлбөмбөгийн спортын мастер Монголын үндэсний лигийн шигшээ багийн тоглоч байсан Ц.Энхтөр, Алтан Илд, Ц.Алтантогос, Б.Баярсайхан нараас гадна зэрэгтэй тамирчид С.Мягмарсүрэн, С.Өлзийбаяр, С.Солонго, жюдо бөхийн спортын мастер С.Лхагвасүрэн нар тоглосон юм. Мөн тэмцээнийг сурвалжлахаар очсон "Таван Цагариг" сонины тусгай сурвалжлагч хөлбөмбөгийн спортын дэд мастер Ц.Энхтүвшинг багтаа элсүүлэн авч хагас хамгаалалтаа бэхжүүлэхээ мартаагүй бөгөөд энэ удаагийн тэмцээнд халаа сэлгээ хийхийг оролцогч багууд харилцан зөвшөөрсөн тул хамт очсон анд маань алтан медаль зүүгээд харьсан.

 

Тоглолт ба шүүлт

Тоглолт болгон маш өрсөлдөөнтэй болж багууд хамаг хүч бололцоогоо дайчлан тэмцэлдэж тоглолоо. Бохир тоглолт, бэртэл гэмтэл гараагүй нь шүүлт сайн байсантай холбоотой хэдий ч дараагийн тэмцээнд шүүгч нарын анхаармаар зүйлүүд бас  ажиглагдаж байв. Талбайн шүүгч хажуугийн шүүгч нарын санал зөрөлдөх тохиолдол нилээд гарсан. Отон тоглолтонд орсон үед анзаарахгүй байх, эргэлзээтэй торгуулийн цохилт хоёр ч удаа өгч байсны дээр яаралтай оновчтой сануулга өгмөөр үед анзаарахгүй байх зэрэг алдаа нилээн гарсан нь хажууд зогсоо үзэгчдэд анзаарагдаж байсан. Хүрэл медалийн төлөөх тоглолтонд "Аргамаг" баг, "Денвер-2" багийг 4:1 харьцаагаар буулган авч холоос зорин ирсэн тоглогчид ганзага хоосонгүй буцаж байгаадаа сэтгэл хангалуун байлаа. Алтан медалын төлөө "Алтан бөмбөг", "Монгол морьд" багуудын тоглолт маш өрсөлдөөнтэй болж 2 баг үндсэн цагаа 2:2 харьцаагаар дуусгасан билээ. Энэ үед цаг сунган тоглууулах эсвэл хожлын гоол орох хүртэл тоглуулах эсбөгөөс торуулийн цохилт хийлгэх зэрэг хувилбаруудыг хэрэглэсэнгүй. Зочин багийн нисэх цаг тулсан тул яарахаас аргагүй болж техникийн зөвлөгөөн дээр ярилцаж тохирсон дагуу хожлын оноонты чанараар ялагчийг тодруулсан юм. Хэрэв цаг сунгасан бол бас л гоё тоглолт гарах байсан болов уу. 

 

Шагнал гардуулав

Түрүүлсэн "Алтан бөмбөг" багт алтан медаль шилжин явах цомыг тэмцээний гол ивээн тэтгэгчдийн нэг олон улсын хэмжээний мастер Ц.Ганболд, 2-р байранд орсон "Монгол морьд" багт  мөнгөн Медаль, Дипломыг гавъяат тамирчин П.Сүхбат, 3-р байранд орсон "Аргамаг" багт Хүрэл Медаль, Дипломын хамт тэмцээний ивээн тэтгэгч ""Монде " компанийн захирал Т,Түмэндэмбэрэл нар тус тус гардуулав. Шилдэг тоглогч "MVP" буюу үнэ цэнэтэй тоглогчоор "Монгол морьд" багийн ахлагч, спортын мастер С.Эрдэнэбат шалгарч Цом, Диплом, 50$, "Шилдэг мэргэн бууч"-аар "Алтан бөмбөг" багийн хамгаалагч, спортын мастер Ц.Алтантогос өрсөлдөгчийнхөө хаалганд 6 бөмбөг оруулсан амжилтаар шалгарч Цом, Диплом, 50$ -аар шагнуулсан байна.

Мөн "Таван цагариг" сонины нэрэмжит Цомыг "Дэнвэр-2" багийн Ууганбаяр, "Замдаан" сэтгүүлийн нэрэмжит Цомыг "Аргамаг" багийн Г.Төгөлдөр нар тус бүр хүртлээ. Колорадогийн Монголчуудын Холбооны тэргүүлэгч Осорбал гуай шагналын бүх диплом дээр нэрсийг бичиж бэлэн болгов. Ирэх жилийн тэмцээнийг Чикаго хотноо зохион явуулахaaр боллоо. Тэмцээнд оролцсон багуудын биеийн бэлтгэл тоглолтын техник тактик сайн байсны дээр форм хувцаслалт мэргэжилийн түвшиннд бэлтгэгдсэн байлаа. Тэмцээний эхний өдрийн орой болсон үдэшлэгт баг бүрээс урлагын тоглолт дуу хуурын мэндчилгээ дэвшүүлж газар газрын Монголчууд хоорондоо ойртон танилцах боломж гарсан билээ. Багууд спортын талбайд төдийгүй урлагын тайзнаа өрсөлдөв.      

 

Талархал болон товч дүгнэлт

Тун удахгүй эхлэх гэж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, "Их Монгол Улс" байгуулагдсаны 800 жилийн ойн өмнө Америкт суугаа Монголчууд ийм нэгэн тэмцээн зохион байгуулж уламжлал болгон явуулахаар тогтлоо. Энэ удаагийн тэмцээнийг санаачлан зохион байгуулсан Денвер хотын хөлбөмбөгчид, "Алтан бөмбөг" клубийнхэн, тэдний гэр бүл, найз нөхөд, Колорадо мужийн Монголчуудын Холбоо, бүх ивээн тэтгэгчдэд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэн талархал дэвшүүлж байна. Ялангуяа "Алтан бөмбөг" клубийн санаа сэтгэл нийлсэн залуус хичээл зүтгэл гаргаж хүрэлцэн ирсэн зочин багуудыг угтан авч байрлуулах, хооллох ундлах, унаа тэргээрээ үйлчлэх зэрэг олон ажлыг цаг зав гарган амжуулсныг онцлон дурдмаар байна. Тоглолтын үеэр амтат хуушуур, буузаар үйлчилсэн бүх хүмүүст баярлалаа. Ирэх жилийн тэмцээнд Америкт бизнес хийж байгаа хувь хүмүүс, пүүс компани, холбоо нийгэмлэгүүдийн реклам нэрийг сурталчлах замаар энэхүү уламжлалт тэмцээнийг дэмжүүлэх талаар санаачлан нилээд зүйл хийх хэрэгтэй байна.

 

Д.Цэрэндорж, Денвер, Колорадо, 2006.5.26-29

Хөлбөмбөг хэзээ ч үүссэн юм бэ дээ? Насаараа ер нь бидний амьдран байгаа ертөнцтэй хэн нь ахмад вэ гэх дээрээ хүрэх байх шүү, нээрээ. Физикчдийн ярьснаар хамаг зүйл “хаос”-аас эхэлсэн гэх. Тэр үед хөлбөмбөг лавтай байсан шиг билээ, яахав хэлбэр дүрсээ олоогүй байсан үе нь юм уу даа. Тэгвэл Викторинчууд ирж жинхэнэ тоглоом болгож хэлбэржүүлээд араас нь онолчид элдэв дүгнэлт анализ хийсээр 1920-иод онд орчин үеийн хөлбөмбөг бий болсон гэнэ.

Хэдий ингэж Британи хөлбөмбөгийн эх орноор дуудагдах боловч бүр эрт Ром, Грек, Египет, Хятад, Япон тэр ч бүү хэл Карибийнхан, Мексикүүд ч өнөө цагийн их спортын эх эцэг, эмэг өвөг гэж болмоор бөмбөг өшиглөн “занималдаж” байсан аж. Хубилай хааны үеийн зураг хөрөг мөн байдаг гэхээр монголчууд бид эртнээс хөлбөмбөгдсөн юм шиг ээ.

Page 2 of 2

Hello... We Are The Mongolian Soccer Association of America

Real soccer players & supporters from Mongolian communities in the USA

Not Enough. Want to stay informed? Follow us now...