24 Sep 2012

Ди Си орчмын Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс хийсэн сурвалжлага

- М.Саруул-Эрдэнэ -

“Олны хөлд нарийн тоос дэгдэж, үзэгдэх орчин бүрэлзэхүй, тоосон дундаас гэнэт нэгэн хүдэр чийрэг, нуруулаг бор залуу тэмүүлэн гарч ирэв. Хүзүүнийх нь судас гүрэлзэн хөдлөх нь хир хол гүйснийг нь харуулах агаад шанаагий нь даган урссан хөлс энэ өдрийн халууны гэрч болой. Энэ хүнийг Амараа гэдэг. Америкт ирсээр дөрөв дэх хавраа үдэж, дөрөв дэх зунтайгаа золгож буй Монгол залуу. Өгүүлж буй энэ агшин бол Амараа Вашингтон хотын хөлбөмбөгийн тэмцээнд эсрэг багийнхаа хаалга руу довтолж байгаа дүр зураг. Уг нь тэрбээр хамгаалагч боловч тоглолт дуусах дөхөөд хараахан гоол ороогүй байсан тул эрсдэл гарган урагшилж яваа нь энэ. Центр хэмээх төв шугамыг өнгөрч явахдаа Амраа гэнэт бага насаа санажээ.

Тэднийх циркийн зүүнтээх 30-ийн байранд байдаг байв. Одоогийн хүүхдүүд шиг PS, Game cube гэх мэт тоглоом байсангүй, ундааны бөглөө, чихрийн цаасханаар тоглодог байж дээ. Маатак, лафтаа гэж бас сайхан тоглоом байж билээ. Хачин юм шүү, бидний үед хүүхдүүд хөлбөмбөг тоглох гээд бөмбөг олдохгүй, сагсны бөмбөг задлаад хаймран дотрыг нь өшиглөдөг сөн, одоо гэтэл Улаанбаатарын гудамжинд хүүхдүүд даанч сайхан таван талтыг шийд рүү шидэж тоглодог болж дээ. Таван талтыг бид зуугийн бөмбөг гэдэг сэн. Зуун төгрөгийн үнэтэй эд. Бацаан байхад зуугийн бөмбөг хаанаас олдох вэ дээ, арван гурвын бөмбөг л байхад болдог сон. Болохгүй бол есийн бөмбөг, бүр хэцүүдвэл зургаагийн бөмбөгөөр ч хөлбөмбөг тоглоод байж болдог л юм...

Гэнэт түүний бодлыг сарниулан эсрэг багийн хамгаалагч хажуунаас орж ирсэн нь мастер С. Эрдэнбат байлаа. Бат яггүй тоглогч, мэргэжлийн хүн, харин түүнийг хэрхэн өнгөрөх вэ? Хотын төвийн 45-р дунд сургуульд сурч байхад нэг багш нь түүнд “хэцүү юмыг амархан хэмээн бодож бай, ямар ч айхтар өрсөлдөгчөө инээдтэй байдлаар дүрслэн бодоход айдас чинь үгүй болно” хэмээн сургаж байсан санаанд нь оров. Хөлбөмбөг, хоккей - хоёр спортын мастер Эрдэнэбатыг инээдтэйгээр бодох харин амаргүй байлаа. Угаасаа Бат ер нь инээдэмгүй хүн, инээдэмгүй хүнийг хэрхэн инээдэмтэйгээр... Өө, оллоо. Хоёр спортын мастер гэл үү?

Амраа Батыг хоккейн тэшүүр, дуулгаа өмсөөд хөлбөмбөг тоглож байгаагаар төсөөлжээ. Тэгээд “тэшүүрэн дээрээ догонцож ядан байхад” нь орхин одов. Хэн нэг нь талбайн гаднаас “Дамжуулаач ээ” гэх сонстоно. Нүдний үзүүрт танил дүр харагдваас хяламхийн хурдхан харваас хүнд өвчнийг гэтлэн боссон Лхагваа найз нь тэмцээн үзэхээр, эхнэр хүүхдүүдтэйгээ ирсэн байв.

“Овоо доо, босчихож!!!”

Эсрэг багийн хамгаалагчийн улаан хувцас бүдгэрэн бүрэлзэж эхлэснээ гэнэт дэрвэх шиг болсон нь циркийн орой дээрх улаан туг агаад Амраа энэ удаад ахиад л бага насандаа ирснээ мэдэв.

4-р ангид орох зун. Гадаа бөглөөгөө тэгшлэн чулуугаар цохиж байтал нэг жаахан охин хүрээд ирж билээ. Хачин юм шүү, тэр охины тухай өмнө нь огт бодож байсангүй. Хөлбөмбөгийн тоглолтын ид чухал үед гэнэт санадаг маань юу сан билээ? Охин черта гэж нэрлэдэг гутлын тосны саванд шороо хийгээд догонцон өшиглөж тоглодог тоглоомоор ганцаараа наадаж залхаад Амраагийн хийж байсан зүйлийг сонирхон иржээ. Зун хотын айлууд ихэнх нь лагерьт гарчихдаг болохоор тоглох хүүхэд бараг үгүй байв. Амраа бас л ганцаараа байсан тул охиныг цааш түлхсэнгүй. Харин ч эмэгтэй хүүхэдтэй тоглож байгаад найзууддаа харагдчихна гэж айхааргүй байсан тул бөглөө яаж тэгшилдгийг дуртайяа заажээ. Тэгээд бүр мундаг юм үзүүлмээр санагдсан тул бөглөөгөө улам гоё болгохоор ойрхон байдаг вагон депо руу дагуулан явлаа. Галт тэргэнд дайруулсан бөглөө үнэхээр тэгш болдог юм. Бөглөөгөө төмөр зам дээр ирийлгэн тавиад галт тэрэг хүлээж байхдаа Амраа тэр охинд хамгийн нандин бөглөөнүүдээ үзүүлэв. “Поошигт” гэдэг зурагтай ногоон бөглөөг Монгол даяар зөвхөн Баянгол рестораны хавиас л олдог байсан болохоор бахархалтайяа тайлбарлаж байснаа саналаа. Ингэхэд тэр охины нэр хэн байлаа? Холоос галт тэрэг дохиогоо хангинуулан дүг-дүг, дүг-дүг хэмээн ирж байх дуу аажмаар пид пид, пид пид хэмээх өөр дуугаар солигдсоны учир нь дайсны хамгаалагч Бямбаа гүйж ирснийх байжээ.

Багшийнхаа сургаалийг ахин санаж, Бямбааг элэглэн бодов. Өнгөрсөн өвөл тамирчдын шинэ жилээр Бямба өвлийн өвгөн болсон юм. Одоогийн энэ улаан шорт футболктай, жавхалзсан Бямбааг бус, өвлийн өвгөн Бямбыг үстэй дээл, үнэгэн малгайтай чигээрээ хар халуунд хөлсөө гоожуулан гүйж ирж байгаагаар бодов. “Өвгөний” хажуугаар бол шурхийгээд л гараа шүү дээ.

Черта тоглодог жаахан охин дахиад л санагдав. Охид намайг багад чертагаа өшиглөж тоглодог байсан, одоо харин дээгүүр нь үсрээд, гараараа авч тоглодог болсон байх юм. Резиндэхдээ бас үсрээд хөлөөрөө дээр нь гишгичихдэг байсан, одоо бол зогсоо зайгүй үсрээд, дотор нь нэг ороод, нэг гараад байх. Хөвгүүд харин гэртээ огт орохгүй, өдөржин гадаа, заримдаа бүр байрныхаа подвалд тоглодог байсан, одоо манай зарим найзын хүүхдүүд гар гээд байхад үгүй гээд зурагт үзээд суугаад байдаг болсон байх юм. Ингэхэд тэр охины нэр хэн билээ. Санадаггүй ээ, арга ч үгүй биз, гуч шахам жилийн өмнө болсон явдал юм чинь. Харин санаж байгаа юм гэвэл намар хичээл цугласан хойно сургууль дээр нөгөө охин таараад ихэд дотноор инээн, “Би бас бөглөө цуглуулдаг болсон ш дээ, чамд нэгийг хадгалсан, май” гээд партукныхаа халааснаас нэг “поошигт” гарган өгөхөд нь авмаар санагдсан ч хамт байсан хөвгүүдээсээ ичээд дуугаралгүй явчхаж билээ. Хөөрхий гомдсон байх даа...

Цагаан шугам урд харагдсан нь эсрэг багийн торгуулийн талбай ажээ. Энэ шугамыг дөнгөж өнгөрөөд цохиход найдвартай гоол. Гэвч Амраад гоол хийх хүсэл үгүй болжээ. Тэр бөглөөг нь авчихгүй яав даа. Ядахад нэрийг нь ч санадаггүй. Нэрийг нь л саначихвал гомдол нь цайрах мэт санагджээ. Нэгэнт энэ гоолыг хийх эрхгүй гэж бодсон тул нэг байрны анд, багын найз Эрдэнэмөнхдөө дамжуулав. Эрдэнэмөнх бол харин гоол хийх боломж л гарвал заавал хийдэг, хаалгач нь мэргэжлийн тамирчин байсан ч зайгий нь олоод хийх, жирэмсэн эх, нялх хүүхэд хаалган дээр зогсож байсан ч цөм өшиглөөд оруулчихаж чадах, нэн “харгис” гоолчин билээ.

Үзэгчид “гоооооолллллл” хэмээн хашгирахын сацуу, шүгэл тасхийх сонстов. Харин Амраа “нэр нь хэн билээ?” хэмээн бодож зогслоо.

Хагас шигшээд өрсөлдөгчөө ийн буулгаад, шигшээ тоглолтод “Чулуу” багтай хүч үзэв. Сэтгэл санаагаа нэн дайчлан тоглосон тул Амраа дахин бага насаа дурссангүй. Үндсэн цагт тэнцээд, хугацаа сунган бас тэнцээд торгуулийн цохилтоор бүх зүйл шийдэгдэх боллоо. Хийх нэг нь хийж, алдах нэг нь алдаад хамгийн сүүлд Амраагийн цохилтоор бүх юм шийдэгдэх болжээ. Бөмбөгөө 11 метрийн цэг дээр нямбайлан тавиад, эргэн алхав. Бүгд чимээгүй. Хуурч цохих уу, эсвэл аль нэг буланд хүчтэйхэн хийх үү? Хаалгач өмнөх дөрвөн цохилтод бүгдэд нь тааж үсэрсэн, тийм учраас энэ удаад бас тэгнэ гэж бодоод шууд гол руу цохиход ч гэмгүй. За больё, юм найдвартай нь дээр.

Амраа хуурах хөдөлгөөн хийсэнгүй, шууд баруун дээд буланд цохив. Гоол. Араас нь багийнхан нь “аварга боллоо” гэсээр гүйн ирэх нь сонстов.

“Сүхээ, тийм ээ, Сүхээ ш дээ. Яасан эрэгтэй нэртэй охин бэ гэж бодож байсан юм байна шүү дээ”. Амараа аварга болсондоо бус, охины нэрийг санасандаа баярлажээ.” хэмээсэн нэгэн өгүүлэл болбоос Вашингтон Ди Си хот орчмын Монголчуудын дунд зохиогдсон хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний ганцхан тоглолтын гучхан секундын тэмдэглэл бөгөөд нийт тоглолтын бүхий л минутын тухай ийн өгүүлэх аваас лавтайяа зуугаад боть ном болох тул товчлон, тэмцээний дүнг танилцуулбаас, Ганбаагийн ахалсан “Хөх тэнгэр” баг аварга болж, Чөлөөтийн ОУХМ Сэргэлэнбаатар ахлагчтай “Чулуу” баг үзүүрлэн, Халзан Цогоогийн удирдлага дор шинээр байгуулагдсан “Артелли” баг гуравт орсон болно. Шинэ залуу тоглогч нар олноор гарч ирсэн нь энэ тэмцээний бас нэгэн онцлог болов.

Сайны хажуугаар саар гэгчээр, энэ удаад магтаалын зэрэгцээ сануулах зүйлс багагүй байгааг дуулгаваас, бүтэн баг буюу 11 тоглогч бүхий таван баг зохион байгуулалт сайтай оролцон, их спортыг энэ хотноо нэн өргөн дэлгэрүүлж байгааг хөхиүлэн сайшаахын ялдамд тэмцээн эхлэх өдрийг хүртэл тоглох талбай, талбайд гарах хүний тоо тодорхойгүй байсан алдаагаа нухацтай бодохыг ноён Баасансүрэнд “шүүмжлэн” сануулаад, “Чулуу” багийнхан жирийн тоглолтдоо байнга хожин, бэлтгэл сайтай байдаг ч том тэмцээнд огтоос аваргалж чадахгүй байгаад, ялангуяа тэр багийн мэргэжлийн тамирчин бөхчүүдэд биеийн дасгалаас илүү сэтгэлзүйн бэлтгэл сайн хийхийг “зөвлөн” сануулаад, волейболын мастер Чулуундаваад хет трик хийн, мэргэн бууч болсонд нь баяр хүргэхийн сацуу багийнхан нь бүгд час улаан өмсгөлөөр ижилссэн байхад ганцаар улбар хувцастай байсныг нь волейбол дахь чөлөөт хамгаалагчтай андуурсан байх магадлалтай тул үүнээс хойш бодтугай хэмээн “донгодон” сануулаад, нийт тоглогчид шүүгч байсаар байтал өөрөө өөрсдөө шүүж тоглох гээд, түүнээс нь зөрүү шийд гарахад бухимдан уурлаж байсан, үүнд FIFA-ын А зэргийн шүүгч хүртэл алдах зүйл байдаг, харин ч энэ тэмцээний шүүгч нар сайн шүүснийг “анхааруулан” сануулаад, багийн зарим ахлагч муу тоглосон тоглогчоо янз бүрийн гадаад монгол хараалаар загнаж, нэг ахлагч тэр бүү хэл “чи мэдрэл юм уу” хэмээн уурсаж байсан, үүнд өөрөө баг бүрдүүлж “тогло тогло” гэчихээд муу тоглохоор нь эмнэлгийн шийдвэр гараагүй байхад сэтгэцийн нарийн шинжилгээгүйгээр олны өмнө онош тавьж болохгүйг “ухуулан” сануулаад, энэ удаагийн сурвалжлагаа өндөрлөсү.

Өндөрлөхийн урьд Монголд болсон нэгэн явдлыг дурдваас:

Ди Си хотноо хөлбөмбөгийн тэмцээн эхэлдэг яг тэр өдөр Улаанбаатар хотноо, нэгэн яамнаа орчуулагчийн ажил хийдэг Сүхжаргал хоёр хүүгээ дагуулсаар аавындаа очжээ. Аавынх нь нүүх болоод юм хумыг нь янзалж өгөх болж. Хуучин дэр задлан, багынхаа хувцасыг гаргаж ирэх нь Сүхээ бүсгүйд тун зугаатай байв. Аав ээж хоёр нь хувцсыг нь багадахаар хаялгүй, дэрний дотор болгоод оёод байдаг байсан юм. Нэг дэрнээс 4-р ангидаа өмсөж байсан партук нь гараад ирэв. Бага насаа дурсан партукаа цээжиндээ наатал халааснаас нь нэг юм унах шиг боллоо. Аваад үзтэл хуучирч зэвэрсэн ногоон бөглөө. Сүхээ бөглөөг яг л индранил эрдэнэ атгаж байгаа мэт болгоомжтой, зөөлхөн аваад, нандигнан атгаж, нүдээ анилаа. Хүү нь “Ээж, яасан бэ? хэмээн хажуунаас нь татахад, сая л бодлоосоо салан, хүү рүүгээ инээмсэглэн хараад “Миний хүү ээждээ энэ бөглөөг вагонд дайруулаад өгөөч!” гээд гараа сунгав. Хүү нь харин ээжийгээ “зүгээр байгаа даа” гэсэн маягаар гайхан харна.

Rate this item
(0 votes)
Last modified on Thursday, 04 October 2012 22:05

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Hello... We Are The Mongolian Soccer Association of America

Real soccer players & supporters from Mongolian communities in the USA

Not Enough. Want to stay informed? Follow us now...